Үүдэл эс гэж юу вэ?

Mongolian

Үүдэл эс гэж юу вэ?

Бидний өдөр тутам эрүүл аж төрөхөд ач холбогдолтой олон төрлийн эсүүд бие махбодид агуулагддаг. Эдгээр олон төрлийн эсүүд нь зүрх цохилох, уураг тархи бодож сэтгэх, бөөр цусыг цэвэрлэх, арьс гуужиж дахин шинэ арьс нөхөн төлжих гэх мэт хүний биед явагдах байнгын биологийн процесст оролцож байдаг юм. Үүдэл эсийн онцлог нь тус бүрдээ өөр үүрэг бүхий эдгээр олон эсийг бий болгож байдагт оршино. Үүдэл эс нь бусад бүх төрлийн эсийг үүсгэгч нь юм. Үүдэл эс хуваагдан олшрох үед шинээр үүдэл эс үүсэхээс гадна үүрэг бүтцээрээ ялгарч өөрчлөгдсөн бусад төрлийн эсүүд үүсдэг. Жишээ нь арьсанд байх үүдэл эс шинээр арьсны үүдэл эсийг үүсгэхээс гадна арьсны өнгө тодорхойлогч меланин пигмент үүсгэгч эс гэх мэт арьсыг бүрэлдүүлэгч, үүрэг болон бүтцээрээ өөрчлөгдөн хувиралтад орсон эсүүдийг бий болгоно.

Яагаад үүдэл эс эрүүл мэндэд тустай вэ?

Бид өвдөх, гэмтэх тохиолдолд бидний биед байх эсүүд мөн гэмтэж, үхдэг. Энэ үед үүдэл эс идэвхжиж эхэлдэг. Үүдэл эсийн үүрэг нь эд эрхтэн дэх байнгын үхжиж байгаа болох гэмтсэн эсийг шинэ эсүүдээр сэргээх, нөхөх юм. Тиймээс үүдэл эсүүд биднийг эрүүл байлгаж эрт хөгшрөлтөөс хамгаалж байдаг. Үүдэл эс гэдэг бол бидний биед орших бичил эмч нар гэсэн үг.

Үүдэл эсийн ямар төрлүүд байдаг вэ?

Үүдэл эсийн олон төрөл байдаг. Эрдэмтэд, судлаачдын үзэж байгаагаар хүний биеийн эрхтэн бүр өөр өөрийн үүрэг ба бүтцэд тохирсон үүдэл эстэй юм.  Жишээ нь бидний цус хематопоэтик буюу цусны үүдэл эсээс үүсдэг. Мөн хүний бие үүсч эхлэх үе буюу үр хөврөлд үүдэл эсүүд мөн олон тоогоор байдаг. Үүнийг үр хөврөлийн үүдэл эс гэж нэрлэдэг. Үр хөврөлийн үүдэл эсийн гайхамшигтай шинж чанар нь хүний биеийн бүх эд, эрхтэн үүсгэж байдагт юм. Энэ нь үр хөврөлийн үүдэл эс хүний биеийн хэдэн зуун төрлийн бүх эсийг бий болгох чадвартай гэсэн үг. Харин нас бие гүйцсэн хүний биед байх үүдэл эсүүд зөвхөн тухайн нэг эд эрхтэний эсийг бүтээх чадвартай бөгөөд энэ нь тухайн үүдэл эс дотоод генийн өөрчлөлтөд орсон байдгаас үүдэлтэй. Жишээ нь цусан дахь үүдэл эс зөвхөн цус үүсгэдэг бол үр хөврөлийн үүдэл эсээс цус, яс, арьс, тархи гэх мэт бүх эрхтэний эсүүд үүсч байдаг. Мөн үр хөврөлийн үүдэл эсүүд нь өөрийн мөн чанараасаа олон төрлийн эд, эрхтэн үүсгэж байхаар генетикийн программчлалд орсон байдаг. Харин насанд хүрсэн хүний биед байх үүдэл эсүүд ийм генетикийн мэдээлэл агуулдаггүй. Энэ нь үр хөврөлийн үүдэл эс өвчилсөн эрхтэнг эмчлэх шинж чанараар давуу талтайг харуулж байна. Үр хөврөлийн үүдэл эсийг үр тогтсон өндгөн эсээс лабораторийн орчинд ургуулан гарган авдаг. Харин эдгээр үр тогтсон өндгөн эс нь үргүйдлийн эмчилгээний үед шаардлагагүй болсон эс байдаг. Үр хөврөлийн үүдэл эс болгон ашиглагдахгүй тохиолдолд үр тогтсон өндгөн эсүүд хаягддаг байна.

iPS буюу плурипотенциал эс гэж юу вэ?

Судлаачид, эмч нарийн сонирхлыг ихээхэн татаж буй бас нэгэн шинэ төрлийн үүдэл эс бол плурипотенциал буюу iPS эс юм. Учир нь энэ төрлийн үүдэл эс үр хөврөлийн үүдэл эсийн шинж чанартай боловч үр хөврөлөөс үүсдэггүй. Тиймээс iPS эс нь ёс зүй, биоэтикийн ямар нэгэн бэрхшээл үгүй юм. Үүнээс гадна iPS эс нь өвчтөний үүдэл эсээс биш, энгийн эсүүдээс үүсдэг. Энэ нь үүдэл эс шилжүүлэн суулгах үед тохиолддог дархлааний эсийн тохиргоо таарахгүй байх явдал гарахгүй гэсэн үг юм. Учир нь өвчтөний энгийн эсийг үүдэл эс болгон хувиргаж эргүүлэн тухайн өвчтөний өөрийн биед эргүүлэн суулгаж буй.

Үүдэл эсийн хэрэглээ нэвтэрснээр анагаах ухааны ирээдүй хэрхэн өөрчлөгдөх вэ, таныг эмчлэхэд үүдэл эс хэрхэн нөлөөлөх вэ?

Үүдэл эсийн  өөрийн мөн чанар нь өвчилсөн, хөгширсөн эсийг шинэчлэж байх үүрэгтэй тул судлаачид энэ шинжээр нь олон төрлийн өвчинд нэрвэгдсэн хүмүүст эмчилгээ болгон ашиглах болжээ. Энэ санаа нь үүдэл эсийг, эсвэл хувирч буй үүдэл эсийн эмчилгээний шинж чанарыг ашиглан өвчтөний биед суулгах явдал юм. Жишээ нь зүрхний шигдээстэй өвчтөнд үүдэл эсийг шилжүүлэн суулгаснаар харвалтын үед үүссэн зүрхний гэмтлийг эмчлэх зорилготой юм. Aливаа өвцлөл, гэмтлийг эдгээхэд бие махбодид агуулагдах үүдэл эсийн тоо хэмжээ хязгаарлагдмал хэмжээнд оршдог. Дээрх жишээнд дурьдсан зүрхний  шигдээсийн үед зүрхэнд агуулагдах үүдэл эс маш цөөн тоотой байх тул гэмтлийг эдгээхэд хэдэн сая эсийг нэмж шилжүүлэн суулгана.
Ингэж үүдэл эсийг шилжүүлэн суулгаснаар биед агуулагдах цөөн тооны үүдэл эс, эд эсийг сэргээх эдгээх боломжийг огцом сайжруулах юм. Гэвч үүдэл эсийн эмчилгээ өргөн дэлгэр хэрэглээ болохоос өмнөх зарим нэгэн бэрхшээл байгаа нь үүдэл эсийн хавдар үүсгэх чадвар болон дархлааны тохиргоо алдагдах магадлалыг нарийвчлан судлах шаардлагатай байгаа юм.
Гэвч үүдэл эс ойрын арваас хорин жилд анагаахын шинжлэх ухаанд нэлээд өөрчлөлтийг авчрах бөгөөд магадгүй бидний таних хэн нэгэн эсвэл бүр бид өөрсдөө ч үүдэл эсийн эмчилгээ, түүнийг шилжүүлэн суулгалт хийлгэхэд холгүй тийм цаг үе ирэх гэж байна.
Хорт хавдар, зүрхний евчин, харвалт, Паркинсоны евчин, склероз, Хантингтоний өвчин, нуруу нугасны гэмтэл гэх зэрэг түгээмэл тохиолдох олон төрлийн өвчнийг эмчлэхэд үүдэл эсийн хэрэглээ чухал үүрэг гүйтсэтгэх нь нэгэнт тодорхой болоод байна.

Одоогоор үүдэл эсийн ямар эмчилгээ боломжтой вэ, яагаад эмч нар үүнд болгоомжтой хандахыг зөвлөж байна вэ?

Өнөөгийн байдлаар судлаачдын тогтоосон хэд хэдэн төрлийн үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээ нь аюулгүй, үр дүнтэй болох нь тогтоогдоод байна. Үүнд хамгийн амжилттай явагддаг нь чөмөг шилжүүлэн суулгалт юм. Гэвч олон улс орнуудад сурталчлаад байгаа үүдэл эсийн эмчилгээнүүд тэр бүр баталгаажигдаагүй байдаг.  Эдгээр нь нэрд гарсан тамирчид гэх зэрэг нэр алдартай хүмүүс энэ эмчилгээг хийлгэснээр олон нийтийн хэвлэл, мэдээллийн анхаарлыг татах байдлаар шуугиан дэгдээсээр байна. Үүдэл эс судлаачид болон энэ чиглэлээр мэргэшсэн эмч нар эдгээр сурталчилгааны эмчилгээ үнэхээр үр дүнгээ өгсөн эсэх, баталгаатай, аюулгүй нь тодорхой бус тул үүнийг өвчтөнүүдэд байнга сануулсаар ирлээ.  Нотолгоогүй үүдэл эсийн эмчилгээний улмаас амиа алдсан өвчтөнүүд ч бий. Эдгэшгүй өвчинд нэрвэгдсэн үед эмчилгээний бүхий л аргыг сүвэгчлэх нь мэдээж боловч дээрх аргыг хамгийн сүүлийн боломж байдлаар зөвхөн өөрийн мэргэжлийн эмч, үүдэл эсийн мэргэшсэн судлаач нартай зөвлөлдөхийг бид санал болгож байна.

Translated by Ariun Narmandakh

2 thoughts on “Үүдэл эс гэж юу вэ?”

  1. сайн байна уу? энийг хаанаас орчуулсан бэ? эсвэл таны өөрийн бичсэн зүйл үү?

Leave a Reply